“Mongolian Mining Journal” сэтгүүлд зориулсан ярилцлагадаа Винс Старцевич Монголын уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй шийдэл, хамтын ажиллагаа болон ирээдүйн чиг хандлагын талаар онцоллоо.
Black Diamond Drilling Services Australia компаний танилцуулга, үйл ажиллагааны чиглэл
Black Diamond Drilling Services Australia бол өндөр гүйцэтгэлтэй өрөмдлөгийн хэрэгслүүдийг үйлдвэрлэн нийлүүлдэг олон улсын компани юм. Ротари болон DTH (доош чиглэсэн өрөмдлөг) хэрэгслээр мэргэшсэн бөгөөд Австрали, Зүүн Өмнөд Ази, Африк, Төв Ази даяар үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү компани нь геологийн хүнд нөхцөлд ажиллах зориулалттай инженерийн шийдлүүдийг ашиглан уул уурхай болон хайгуулын томоохон компаниудад тоног төхөөрөмж нийлүүлдэг.
TD Equipment LLC компанитай байгуулсан түншлэл нь Монголын онцлогтой ашигт малтмалын хайгуул, уул уурхайн орчинд үр дүнтэй ажиллахад хэрхэн тусалж байна вэ?
Монгол Улсад бид TD Equipment LLC-тай хамтран ажилладаг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Black Diamond-ийн олон улсын инженерийн туршлага, TDE-ийн Монгол дахь логистик, орон нутгийн оролцоотой хослон, хэрэглэгчдэд зориулсан шийдлийг хурдан, үр дүнтэй хүргэх боломжийг олгож байна. Бид “Оюу Толгой” төсөлд гурван жилийн турш найдвартай нийлүүлэгчээр ажиллаж буйдаа бахархдаг. Энэ хугацаанд зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна талбайн нөхцөлд нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сайжруулалт хийхэд хамтран ажилласан.
Монголд ажиллах явцад танай компанид тулгардаг хамгийн том сорилтууд юу вэ? Та бүхэн эдгээрийг хэрхэн даван туулж байна вэ?
Монголын хахир өвөл, алслагдсан байршил, логистикийн хүндрэл зэрэг сорилтууд бидэнд тулгардаг. Гэвч бид орон нутагт нөөц бүрдүүлэх, агуулах байгуулах, хурдан нийлүүлэлтийн зохицуулалт хийх, талбайд тогтмол айлчлал хийх замаар энэ бүхнийг даван туулж байна. Канад дахь үйл ажиллагааны туршлага дээр үндэслэн орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан дэвшилтэт сургалт явуулж, Монголын өрөмдлөгийн нөхцөлд тохирсон мэдлэг олгож байгаа нь чухал үр нөлөө үзүүлж байна.
Black Diamond нь өндөр нэвтрэлтэй tricone ба DTH өрөмдлөгийн хошууны загвар, элэгдэлд тэсвэртэй материал, карбид дахин боловсруулах санаачилга зэрэг технологийн шинэчлэлээр өрсөлдөгчдөөсөө ялгардаг. Манай бүтээгдэхүүнүүд нь талбайн өгөгдөлд суурилсан гүйцэтгэлийн хяналт, инженерчлэлийн сайжруулалтаар дэмжигддэг бөгөөд энэ нь томоохон төслүүдэд тогтвортой үнэ цэнийг хүргэх үндэс болдог.
Ирэх 3–5 жилийн хугацаанд Монгол дахь өрөмдлөгийн үйлчилгээний эрэлт, ялангуяа ашигт малтмалын хайгуул ба уул уурхайн салбарт, хэрхэн өөрчлөгдөнө гэж та харж байна вэ?
Монголын уул уурхай, хайгуулын салбар, ялангуяа стратегийн чухал ашигт малтмалуудын хөгжлийн хүрээнд өсөлтийн үе шатандаа орж байна. Үүнийг даган бид техникийн баг бүрэлдэхүүнээ нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэлтээ өргөжүүлэх, засвар, дахин боловсруулах хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр орон нутгийн дэмжлэгийг нэмэгдүүлж байна. Манай эрхэм зорилго бол дэлхийн түвшний өрөмдлөгийн шийдлийг хүргэхийн зэрэгцээ орон нутгийн чадамжийг нэмэгдүүлж, урт хугацааны түншлэл байгуулах юм.
Black Diamond Drilling Services компанийн Монголын зах зээл дэх оролцоогоо өргөжүүлэх, бэхжүүлэх төлөвлөгөө юу вэ?
Бид Монголд урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд тууштай хандаж байна. Орон нутгийн техникч нарыг чадавхжуулах, Канад дахь ижил нөхцөлтэй өрөмдлөгийн туршлага-д тулгуурласан сургалтаар мэдлэг дамжуулах, ТD Equipment LLC-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хурдан шуурхай нийлүүлэлтийн сүлжээ бий болгох зэрэгт анхаарч байна. Мөн карбид дахин боловсруулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдийн зардлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжихийг зорьж байна.
Эх сурвалж : Mongolian Mining Journal